- Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу.
Та Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн гэсэн. Тэр талаараа яриач.
-
Намайг төрөхөд Төгрөг сум гэж урд руугаа байсан юм. Одоо
нүүгээд хойшоо болчихсон байгаа. Одоо л Төгрөг гэж нэрлээд байгаа болохоос
хуучин Хоолт гэж нэртэй байсан юм.
-
Ам бүл хэдүүлээ вэ,
айлын том нь уу?
-
Дуламын нэгдүгээр охин, манайх хоёр охин, нэг хүүтэй
байснаас нэг охин дүүгээ айлд өргүүлээд, эрэгтэй дүү бид хоёр ээжтэйгээ нэг
айлд өссөн. Манай өвөг эцэг буюу ээжийн эцгийнх бол бас тусдаа нэг айл байсан.
-
За таны ээж юу хийдэг
байсан бэ?
-
Ээж бол малчин байсан. Би бас мал дээр өсөөд, тэндээсээ
сургуульд суугаад, дөрөвдүгээр анги л төгссөн (инээнэ). Уг нь тавдугаар ангид суу гээд аймаг руу хөөсөн юм. Би тэгээд суулгүй
хаячихсан юм (инээнэ). Тэгээд би залуудаа
сумын төв дээр сувилагч хийлээ. Тэндээсээ мэргэжил дээшлүүлнэ гээд,
дээшлүүлэхээ ч хат даа (инээнэ) хөдөө мал дээр багийн цестра гэдэг системээр ажилласан даа.
-
Сувилагчаар ажиллахын
тулд бас сурах хэрэгтэй байлгүй дээ, тийм ээ? Яаж сурсан бэ?
-
Тэр үед бол эмчээрээ заалгаад л сурдаг байсан. Хөдөө бол
нэг тиймэрхүү л байдаг байсан даа. Тэгээд л тариаг нь хийгээд л, тэр үед чинь
судас тариа хийнэ, улаан тариа гээд булчинд их тарина. Бүх л эмчилгээг нь хийнэ
дээ. Манай нэг хамаатан Цоодол гэдэг хүн бага эмч хийдэг байсан юм. Тэрнийгээ дагалдаад
л явдаг байсан (инээнэ). Тэгэж ажиллаж байгаад 1956
онд сум аймаг хоёрын хооронд явж байгаад эдний аавтай нь танилцсан юм. Манай
энэ 1957 онд гарсан юм. Тэгээд л нөхөртэйгөө танилцаж суугаад, аймгуудаар худаг
ухаж явахад нь дагаж, гал тогоог нь бариад л явдаг байлаа.
-
Өө заза, худаг ухдаг хүн
байж л дээ. Тэр үед чинь юугаар ухдаг байсан бэ?
-
Худаг өрөмдөж ухдаг л байсан даа. Тэгээд л өнөөхийг чинь
дагаад Баянхонгор ч орно, Өвөрхангайн нутгаар ч худаг гаргана. Тэгэж явсаар хот
орж ирсэн юм аа. Хотод чинь нялх хүүхэдтэй гээд ажилгүй болсон юм аа. Тэгээд ажилгүй
болохоор нь аймагт сувилагчийн сургуульд орох гээд бүртгүүлсэн чинь “өө энэ
тэнэмэл хүн байна, авахгүй” гээд (инээнэ), тэгээд сурсан ч юм байхгүй, тэгэж явсаар байгаад 1961 онд хотын зургадугаар
артел гэж байсан, тэрэнд ажилд орсон.
-
Тэр нь ямар ажил
эрхэлдэг газар вэ?
-
Оёдолчин, гэхдээ тэр үед эрэгтэй цамц, өмд гээд л нэхдэг
байсан юм.
-
Ажил нь хаана байдаг
байсан бэ?
-
Хуучин дөрөвдүгээр дэлгүүр байна даа. Тэрний ойролцоо
нэхмэлийн үйлдвэр, хивсний үйлдвэр, оёдолын үйлдвэр гэж байсан юм. Одоо юу
болсон юм бүү мэд (инээнэ). Тэгээд тэр жилдээ 1961
онд өвөг эцэг ирээд, энд хотод нас барсан. Тэгээд 1963 онд манай нөхөр Булган
руу ажлаар явж, бид нар тийшээ шилжсэн юм. Булганы үйлдвэрт жил бил үү, жил хагас
бил үү ажилласан.
-
Юуны үйлдвэр байсан юм?
Бас нэхмэлийн үйлдвэр үү?
-
Нэхмэл биш ээ, дээл, костюм пиджакны үйлдвэр байсан. Тэр
үйлдвэрт жил гаран болоод тэндээсээ Өвөрхангай руу шилжих болдог юм байна аа. За
тэгээд 1965 онд бас Өвөрхангайд очлоо.
Манай талийгаач яахав дээ, дуртай цагтаа шилжээд л явдаг юм чинь. Намайг бас
Булганы үйлдвэрээс шилжүүлээд л Өвөрхангайн үйлдвэрт орох гэсэн чинь намайг
авдаггүй ээ.
-
Өө, яаж байгаа юм бол
доо?
-
Хэн мэдэхэв, яагаад ч аваагүй юм. Орон тоо байгаагүй юм
уу хаашаа юм. Тэгээд нөгөө үйлдвэрээ хаяад, усжуулалтын цемент цутгадаг ажил
хийгээд, тэгэж ажиллаж байгаад буцаад хотдоо ирсэн. Тэгсэн эргэж үйлдвэртээ
орсон юм ч байхгүй, орон тоо байхгүй байсан юм уу, эсвэл төвөг гэж бодсон юм уу
хаашаа юм намайг аваагүй. Тэгээд л тэтгэвэртээ гараад гэрийн ажил хийж,
хувиараа юм оёод л нэг тиймэрхүү л ажил хийсэн дээ. Хөдөө гадаа руу ирэн очин л
явдаг байсан. Нэг иймэрхүү л байдалтай л ажилласан, заримыг нь бүр мартчихаж
ээ.
-
Эмээ та ямар ямар улсаар
явж үзэв ээ?
-
Гадаад дотоодоор уу?
-
Тийм.
-
Эрээн хот, саяхан Орос орсон. Өө бас Оюунцэцэг охинтойгоо
Хөх хот орсон юм байна. Тэгээд газраа мэдээд байгаа хирнээ хэл ус мэдэхгүй ээ. Орос
хэл мэдэхгүй, хэл мэдэхгүй бол юу ч авч чадахгүй юм байна лээ.
-
Урагшаа бол гараад юм
авчихаад байгаа юу?
-
Урагшаа Эрээн орохоороо юм аваад л ирнэ (инээнэ).
-
Гэртээ зүгээр л сууж
чадахгүй байна уу?
-
Тийм, зүгээр сууж чадахгүй ээ, хийх гэхээр хийх юм
олдохгүй ээ. Уг нь ч хийх нь хийнэ. Бас гэрийн бүрээс, эсгий энээ тэрээг оёх
гээд байгаа шүү бас (инээнэ). Энэнтэйгээ элбэж байгаад энэ муу амбаар барисан. Би уг нь модоор юм
хийчихдэг байсан. Одоо гарын чадал байхгүй, салаглаад байдаг болсон.
-
Ер нь та их хөдөлмөрч
хүн юм тийм ээ? Залуугийн л зан байх даа.
-
Харин тийм, ер зүгээр сууж чаддаггүй туучий байгаа юм. Хөдөө
байхдаа бол би усанд явья гээд л хоёр андуу тэмээн дээрээ тохоод л худаг руу
явж өгнө. Тэгээд очоод л усаа хийнэ, ганцаараа нэг юм тэмээнийхээ хажууд тавьж
байгаад, өргөж аваад хоёуланг нь холбож тавиад, тэгээд л хүрээд ирнэ (инээнэ). Саалиа саагаад л, тийм ажил хийж
ирсэн.
-
Юм оёх их дуртай юу?
-
Юм оёх их дуртай, болбол л юм оёх гээд байдаг. Насаараа хийсэн
ажил минь юм даа яахав. Даанч одоо нүд нь харахаа байчихиж. Яадаг байсан гэхээр
нөгөө ээж маань их юм оёдог, хийдэг хүн байсан юм. Би анхандаа дээл эсгэж
чадахгүй, ээж эсгэнэ. Тэгээд би заалгаад л, хоёулаа элбэж байгаад л хоёр өдөрт
нэг дээл гаргачихдаг байсан даа.
-
Өө заза, дор нь гаргаж
байна шүү дээ.
-
Харин тийм, ажилгүй байх үедээ бид хоёр тэгэж л мөнгө
олдог байсан.
-
Ер нь бол ээжээсээ л их
юм сурсан байна.
-
Тийм, ээжийгээ л дуурайж үйлчин болсон хүн дээ. Бас би
багийн дэбдатаар 1950-н хэдэн онд сонгогдож үзэж байлаа. Тэгэж сонгогдохыг
бодоход юм мэддэг л байсан байгаа юм даа.
-
Та багаасаа л оёдолчин
болно гэж бодож байсан уу? Ер нь өөрөө ямар мэргэжилтэй болъё гэж бодож байсан
бэ?
-
Нээх мэргэжил авдаггүй, нэхмэлийн хоёрдугаар мэргэжилтэй.
Оёдолыг нь авсан юм байхгүй юу (инээнэ).
-
Багаасаа өөр мэргэжилтэй
болъё гэж бодож байсан уу?
-
Болъё гэж бодоод сувилагч болох гэсэн чадаагүй.
-
Юм оёод суухдаа та юу
боддог вэ?
-
Өө амар байж, яг ингээд юм оёод суухаараа өөр юм
бодогдохгүй. Юм хийхгүй болохоор л энд тэндхийн юм бодогдоод өдөр, цаг явахгүй.
Өмнө нь хоёр, гурван хоногт нэг дээл хийчихдэг байсан бол одоо долоо хоногт
арай хийж нэг дээл хийнэ шүү (инээнэ).
-
Дээлний загвар, материал
их өөрчлөгдөж байна уу?
-
Харин энэ загварыг чинь л харин гаргаж чадахгүй юм. Загвар
нь байвал хийгээд баймаар байх юм.
-
Дээр үед уламжлагдаж
ирсэн дээлнээс их өөр болсон уу?
-
Өө тийм, дээр үед чинь тийм загвар энээ тэрээ байхгүй. Тийм
юм хийдэггүй байсан юм. Монгол дээл, майк, хантааз хийнэ, тэрийгээ эмжвэл
эмжинэ, эмжихгүй бол эмжихгүй тэгээд л хийчихнэ дээ. Одоо чинь загвар гээд л
тийм болчихоод байгаа юм даа.
-
За танд их баярлалаа. Та
минь үр ачаа тойруулан, урт удаан, эрүүл энх жаргаж яваарай!
No comments:
Post a Comment