Wednesday, May 6, 2015

АЛТАН ТАЙЗНЫ ГЭРЭЛ АНИВЧИЖ БАЙНА

/тэмдэглэл/
Монголчууд эртнээсээ л ардын аман дуу, харилцаа дуу, домог үлгэр гэх мэт язгуур урлаг ихтэй баялаг ард түмэн билээ. Тиймдээ ч эртнээс театрын урлагийн анхны хэлбэрүүд байсаар байжээ. Юан улсын театр XIII зууны эхэн хагасаас XIV зууны дунд хүртэл, Хархорум хотын театр XIII зууны эцэст ард олныг хөгжөөж байжээ. Энэ үеэс хойш улс орон үймж, түүнийг дагаад театрын урлаг ч бүр мөсөн зогссон юм.
            Гэхдээ театрын урлаг ард олны дунд язгуур урлагтай хамт өвлөгдөж иржээ. Театрын урлаг гэдэг ард түмнийг сэхээрүүлж, нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилж байдаг урлагийн том төрөл билээ. Тиймдээ ч улс орны ороо бусгаа үед ардын театрчилсан урлагийн зүйл газар сайгүй тархаж олны сэтгэлд нөлөөлөх нь их байснаас ноёрхогч ангиас “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль цаазын бичиг”-т ийн зарлиг буулгажээ.
“Жүжиг жүжиглэхүйг цаазлахуй инуу”... Нэгэн зүйл. Аливаа засаг хан, хан, бэйс, гүн, тайж, түшмэл нар суртал бүрэлгэн, жүжгийг үнэлж, жүжиглэвээс болохгүй. Зөрвөөс засаг ван, гүнээс хоёр жилийн пүнлүү хас, Засаг бус ван, гүн, жич туслагч тайж, түшмэдийг таацуулж дөрвөн есөн мал торго. Байцаахуйг алдсан чуулганы дарга засгуудаас хагас жилийн пүнлүү хас. Хэрэв гэр дор өсвөр эрийг жүжигт сургаж, бэлтгэн сургагчид буй бүгээс засаг, ван, гүнийг уг хууль дор зэрэг нэмүүлэн ял торго. Түшмэлийг түшмэл эвд. Харц хүнийг зуун ташуур занчих тун.
Түмэн олны хүсэл мөрөөдлийг өөртөө агуулсан ардын урлаг нь амьтныг зовоогч махчин мангасын эсрэг, дарлагч ноёд, лам нарын эсрэг ард олныг үнэнч шударга үйлсэд уриалах зорилготой ардын харилцаа яриа, дуу, хүүрнэл яриа, жүжгийн богино үзэгдлүүд цөм айл амьтны гэр орноор буюу хээр, задгай газар тоглож олны санааг сайны зүг татаж тэмүүлүүлсээр байлаа.
Үүнээс хойш анх удаа Монгол улсад XIX зууны эцэс, XX зууны эхэн үед Монгол орны дорнод хязгаарт То вангийнханд, баруун хязгаар Ховдын Булганы Малчин вангийн нутагт жүжгийн сургууль хийж, бүжигчдийг зориуд биелгээний эрдэмд сургаж эхэлсэн түүхтэй. Энэ үед одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт 1920-иод оны үед ноён хутагт Данзанравжаагийн сүм хийдийн суурь байжээ. Эдгээрийн гол шилтгээнээс нэлээд зайдуу Хамрын хийдийн ойролцоо театрын барилгын гурван давхар байсан болов уу гэмээр хана туурь харагдана. Давхар бүрийн тайзны чимэг зураг нь үзэгдлийн явцад хүртэл солигддог, мөн газар доороос гал утаа, хүн гарч ирэхийг дүрсэлдэг байлаа. Барилгын өндрийн хэмжээгээр тайзны зүүн талд Махгал бурхны хөрөг, баруун талд Янжинлхам бурхны хөрөг зураастай байдаг байжээ. Энэ театр нь зуны улиралд л ажилладаг улирлын театр байсан гэж хэлж болох юм.
1931 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдсан Засгийн газрын эрхлэх товчооны 50 дугаар хурлын тогтоолоор Улсын төв театрыг барьж орон тоог тогтоож, зарлагаа орлогоороо нөхөхөөр ажиллаж тамга тэмдэгтэй албан байгууллага болов. Театрын анхны дарга нь Жаал гэх хочтой Ц.Гомбожав болсон юм. Ингээд дээрх амьд, сонин хэлбэртэй С.Буяннэмэхийн зохиол “Үнэн” жүжиг, мөн инээдмийн “Маргааш” жүжгийг тоглож театрын нээлтийг хийсэн байна.
Театрынхаа орон тоо, төсөв гээд олон асуудлаа ерөнхий сайдад уламжлахад “улсын боломж муу” гээд тэд хүлээж аваагүй учир буу, билльярдыг мөнгөтэй тоглуулж, даавуу худалдах гэх мэт орлого оруулах аргууд сүвэгчилж байв. Мөн кино гаргаж мөнгө олоод театрын амьдралаа зогоосоор байсан юм.
1933 оноос радио уран зохиол нэвтрүүлгийг эрчимтэй явуулж эхэлжээ. МАХН-ын архивын материалд “Энэ өдөр Монголын үндэсний хувьсгалын уран зохиолчдын холбооноос анх удаа нэвтрүүлэх “Уран сайхны радио үдэш” хэмээх сонин сайхныг үдшийн агаарын долгионоор явуулах болно. Уран сайхны авьяастан нөхдүүд уран зохиолч С.Буяннэмэхийн удирдлагын дор энэхүү радио уран сайхны үдшийг нэвтрүүлэх болно” гэжээ.
Улсын Драмын Эрдмийн Театраас жил болгон зохион явуулдаг “Бид мартахгүй” өдөрлөг 2014 оны 12 сарын 10-нд драмын театрт боллоо. Одоо та бүхэн энэ өдөрлөгийн хүрээнд зохиодог “Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон Соёл урлагийн их сургуулийн Теартын урлагийн сургуулийн залуу багш Дашзэвэгтэй ярилцсан юм.
-     Өнөөдрийн арга хэмжээ ямар учиртай арга хэмжээ вэ?
-     “Бид мартахгүй” гээд театрынхаа ахмад үеийн уран бүтээлчдээ дурсан санадаг тэмдэглэлт ой. Энэ өдөрлөгөөр тухайн уран бүтээлчийнхээ ямар бүтээл туурвиж байсан, дүрийн онцлог нь ямар байсан, дүрдээ яаж ханддаг байсан хандлагууд, амьдралынх нь туулж өнгөрүүлсэн үеийг судлаж тэрийг залуу үе нь мэдэж сонссоноороо туршлага суух арга барилд суралцдаг.
-     Та өнөөдрийн тэмцээнд оролцсон өөрийнхөө илтгэлийн талаар яриач?
-     Би Ичинхорлоогийн Батжаргал гуайн тухай илтгэл, өгүүлэл бичлээ. Энэ хүн бол 1924 онд Улаанбаатар хотод төрж өсөөд, 1940-1941 онд урлагийн сургуульд төгсөж театрт ороод, тайз болон дэлгэцийн 30-аад дүрийг маш сайн бүтээсэн. Энэ хүний дүрийн онцлог бол өөрөө өөртөө дүрээ бодож олоод, түүний дараа тоглолтын нарийн мэдрэмжүүдийг зөв гаргаж чаддаг байсан, уянгын дотоод сэтгэлийн жүжигчин байжээ.
-     Ер нь ахмад үеийнхний арга туршлагаас гэдэг сэдвийн дор таны илтгэлийн гол санаа юу вэ?
-     Минутын хувьд найман минут гэж заасан учраас маш товчхон л ярилаа. Гол нь дүрийн онцлог нь юу байсан, яаж дүрээ гаргаж, бүтээж, дүр дээр ажилладаг байсан нь сонин. Яагаад энэ тухай ярьж байна вэ гэхээр энийг залуучууд үзсэнээрээ дүр дээр ажиллах арга туршлагыг өөрсдөдөө бий болгох аргачлалыг сурах л гол зорилго. Ахмад үеийнхнийгээ эргэн дурсаж, уран бүтээлийнх нь тухай ярьж байгаа явдал бол залуу үетэйгээ ахмад уран бүтээлчдийг ойртуулж өгч, ийм уран бүтээлч байсан байна, ийм дүрд тоглосон байна гэдэг арга туршалагыг л авч байгаа юм.
-     За баярлалаа.
Энэ өдөр 70 насны ойн баяр нь тохиож буй ахмад жүжигчин Дагвадоржийн Мэндбаярын сэтгэгдлийг хүргье.
-     Сайн байна уу? Танд юуны өмнө 70 насны ойн баярын мэндийг хүргье.
-     За баярлалаа.
-     Та ахмад жүжигчний хувьд өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хэлээч?
-     “Бид мартахгүй” дурсамж тоглолт бол манай театрт зохион явагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алтан үеийнхэн бүгд энэ дурсамж тоглолтонд оролцож байсан бол өнөөдөр ахмад үеийнхэн маань гарын таван хуруунд багтах төдий цөөхөн үлдсэн. Харин тэд нарыг байхад тэд нараар хэлүүлж, заалгуулж, тэд нарын сургаалыг хүртэж байсан бид бол өнөөдөр 70 хүрч байна. Тийм учраас хийж бүтээх зүйлдээ илүү их анхаарал тавьж ажиллах нь залуу уран бүтээлчдэд сургамжтай зүйл юм гэдгийг энэ тоглолт, дурсамж бол харуулсан байх гэж бодож байна. Ингээд дурсамж тоглолтонд оролцож байгаа уран бүтээлчдийн ар гэрүүд болон үр хүүхдэд нь, энийг ирж үзэж байгаа үзэгчдэд аз жаргал сайн сайхныг хүсч, цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсье.
-     За баярлалаа.
“Бид мартахгүй” өдөрлөгийг үзэж байгаа Соёл Урлагийн их сургуулийн Жүжиглэх урлагийн ангийн оюутан Г.Доржсүрэнтэй ярилцлаа.
-     Энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутны хувьд өнөөдрийн арга хэмжээ ямар санагдаж байна. Энэ тэмцээний талаар ер нь мэддэг байсан уу?
-     Өмнө нь мэддэг байсан. Жил болгон зохион байгуулдаг гэдгийг мэддэг байсан, гэхдээ өнөөдөр анх удаа ирж үзэж байгаа.
-     Сургууль дээрээ зөвхөн онолын хичээл үзэхээсээ илүү, драмын театрт ирээд ахмад үеийнхнээсээ суралцана гэдэг оюутан хүний хувьд маш том аз завшаан юм болов уу гэж бодож байна. Дөнгөж суралцаж байгаа залуу оюутны хувьд, өнөөдрийн арга хэмжээний юу нь илүү сонирхолтой содон байв?
-     Юу нь сонин байсан бэ гэхээр зүгээр л энгийн хүн эдгээр эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийг ярьсан бол магадгүй сонирхолгүй байсан байх л даа. Харин бидэнд хичээл ордог эрдэмтэн багш нар маань, олны танил жүжигчид маань энэ илтгэлийг уншсан учраас их сонирхолтой, үзүүштэй санагдсан.
-     Энэ илтгэлийн тэмцээний өмнө шүүмж бичлэгийн уралдаан болсон шүү дээ. Тэрний талаар яриач?
-     Энэ нь Соёл Урлагийн их сургуулиас санаачилж, Улсын Драмын Эрдмийн театраас дэмжсэн шүүмж бичлэгийн уралдаан байгаа. Энд маш олон хүмүүс оролцсоноос надад хамгийн сонирхолтой санагдсан нь дандаа залуу урлаг судлаачид энэ шүүмж бичлэгийн уралдаанд  оролцож, тэндээсээ эхний дөрвөн байрыг шалгаруулсан байгаа. Дөрвүүлээ залуу уран бүтээлчид байсан учраас надад их тааламжтай, сайхан санагдсан.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй” гэж Монголчууд хэлэлцдэг. Үнэхээр л аливаа зүйлд өрсөлдөөн, шүүмжлэл хэрэгтэй байдаг. Тиймээс урлагт тэр дундаа театрын урлагт шүүмж бичлэг бол маш чухал байр суурийг эзэлдэг. Энэ тухай орчин үеийн шүүмж бичээч Дашдондогийн Батсайхантай ярилцлаа.
-     Монгол улсад урлагийн шүүмж хэзээнээс үүссэн бэ?
-     Шүүмж судлал бол ер нь шинэ үеийн уран зохиол бий болохоос эхлээд л орж ирсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр жишээ нь Буяннэмэх, Ши.Аюуш, Ядамсүрэн болон бусад зохиолчдын урлагийн талаар бичсэн зохиолуудаас эхэлсэн гэж тооцогддог. Яг мэргэжлийн театр судлал хэдийд үүссэн бэ гэхээр 1955-1960 онд миний аав С.Дашдондог Орос улсад мэргэжлийн театр судлалын ангийг төгсөөд 1960-1990 он хүртэл тасралтгүй, бараг бүх жүжигт шүүмж бичиж байсан гавьяатай хүн юм.
-     Анх үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл хэр ахиц, дэвшилтэй явж байгаа вэ?
-     Ер нь бол мэдээж хэрэг амархан хийдэг ажил биш. Урлаг судлалыг хөгжүүлэх ёстой. Тэрнийг бол төрөөс бодлого барих ёстой. Одоохондоо бол 1960-аад оноос хойш бол яг зориулалтын, тусгайлан анхаарал тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Тэгээд хүмүүс урсгалаараа л бичиж байсан. Аав маань ганцаараа бичиж байсан гэж хэлж болно.
-     Та сая хэлсэн. Өнөөдрийг хүртэл дорвитой ахиц, дэвшил байхгүй гээд байгаа. Яагаад ийм байгаа юм бол?
-     Яагаад гэвэл энэнд тусгайлан зориулсан сургалт байхгүй байлаа. Дөнгөж л дөрвөн жилийн өмнөөс ухаараад л, ерөөсөө урлаг судлаачдыг бэлтгэх ёстой юм байна гэдгийг ойлгож байна шүү дээ. Өмнө бол зүгээр л бор зүрхээрээ хэдэн хүн л явдаг байсан. Тэрийг тусгайлан авч үзэж дэмжсэн юм алга, тусгайлан зориулсан сонин хэвлэл алга, бид нар шүүмжээ бичээд өөрсдөө гуйж, сонин хэвлэлд өгдөг.  Тэгээд яахав одооноос арай гайгүй болоод сонин хэвлэлүүд дэмждэг болчихоод байна.
-     Өнөөдрийг хүртэл сайн хөгжөөгүйн улмаас үүссэн сөрөг тал юу байна?
-     Одоо тэгээд л хүн болгон өөрсдийн хийсэн бүтээлийг сайн болсон, хэнтэй ч зүйрлэшгүй сайхан юм хийсэн гээд л өөрийгөө магтаад, өөрийгөө дөвийлгөөд л яваад байна. Яагаад гэвэл тэд нарын бүтээлийг шүүмжлэх хүн байхгүй учраас. Хүмүүс шүүмжлэлийг ойлгохдоо хувь хүн дээрээ хүлээж авдаг. Намайг гутаалаа, миний нэрийг гутаалаа гэж ойлгодог. Тэрэндээ биш байхгүй юу. Хамгийн гол нь дараагийн бүтээл гэж хийнэ, тэр бүтээл нь улам сайн болоосой, дараагийнхаа юман дээр анхаараасай. Хийсэн бүтээлийг нь бид нар үзээд, тэр нь болж байна, энэ нь болохгүй байна гэдэг дүгнэлтийг л өгдөг. Одооны жүжигчид бол тэгэж ажилладаг, уншдаг хүн байхаа больчихоод байна.
-     Бид хоёрын гол ярилцаж байгаа гол сэдэв бол Улсын Драмын Эрдмийн театр шүү дээ. Ер нь бол ямар нэг зүйл шүүмжлэл, өрсөлдөөнгүйгээр хөгжихгүй. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад Улсын Драмын Эрдмийн теарт гэдэг ганцхан том театр байгаа. Тэгэхээр энд шүүмжлэл, өрсөлдөөн их дутагдаж байгаа болов уу?
-     Өөр бас бусад театрууд байх ёстой байхгүй юу. Жишээ нь шинээр “Black box” гээд театр гараад ирлээ. Энэ театрт жүжигчид огт өөр торглолттой байдаг. Тэнд хүмүүс жинхэнэ ажиллаж эхэлж байна. Тэр ажиллагаа манай Драмын театрт дутагдалтай байгаа. Театрт орчихсон гээд дархлаатай болчихсон гэж ойлгодог юм уу яадаг юм, өөрийгөө дайчлахаа больчихдог юм шиг байгаа юм. Тэгэхлээр мэдээж хэрэг өрсөлдөгч байхгүй болохоор “би л ганцаараа байгаа” гэдэг ойлголттой байдаг нь их өрөөсгөл.
-     “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг шүү дээ!
-     Яг л тийм. Тийм учраас шүүмж хэрэгтэй байна. Тэгэж байж л эд нар жаахан өснө. Тэгээд өөр олон театрууд байх ёстой. Ер нь бол жүжиг ямар байх ёстой тэр юмнууд дандаа алдагдаад, ёс төдий тоглодог болсон нь их харамсалтай л байна даа.
-     За баярлалаа.
Манай улсын уламжлалт түүхтэй алтан тайзны гэрэл хуучирч, унтрах дөхөөд байгаа юм болов уу? Эсвэл асаалттай хэвээр үлдэх үү? Юу ч гэсэн өнөөдөр асаж унтарч, анивчиж байна. Гэхдээ Улс орны хөгжил Урлагаас нь харагддаг гэдэг. Монгол улс хөгжин дэвшиж байгаагийн хирээр Алтан тайзны гэрэл ч унтралгүй улам тод асна гэдэгт итгэлтэй байна.



СУИС-РТМУС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Г.Дөлгөөн

No comments:

Post a Comment